Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхимтай боллоо.

Австралийн Засгийн Газрын санхүүжилтээр Зориг сангийн хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн Манлайлал 2021 хөтөлбөрийн оролцогчид эвлэлдэн нэгдэж нийгмийн төлөөх төсөл хэрэгжүүлдэг билээ.

Энэ удаагийн хөтөлбөрийн оролцогчдын баг болох “Өөрчлөх Зориг” багаас өсвөр насны хөвгүүдийн сэтгэл зүйн асуудлыг хөндөн “Өсвөр насны хөвгүүдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих” төслийг санаачлан 2021 оны 1-р сараас 5-р сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд:

  1. Дархан-Уул аймаг дахь Политехник Коллежид сэтгэлзүйн зөвлөгөө авахад тусгайлан зориулсан анхны стандарт өрөөг Хаан Банк Сангийн хөрөнгө оруулалтаар засварлан,  тус сан, Монос Грүпп, MCS грүпп болон бусад дэмжигч байгууллага хувь хүмүүсийн тусламжтайгаар тавилга, сургалтын материал, цахим хэрэгслээр ханган бүрэн тохижуулсан.
  2. Өсвөр насны сурагчидтай ажилласан туршлагатай сэтгэлзүйчийг сонгон шалгаруулж, ажлын байраар хангасан.
  3. Сурагчдаа сэтгэлзүйчтэй ажиллахад нь бэлдэх зорилгоор нийт сурагчдын эрсдэлд зан үйлийг оношилж, шаардлагатай сэтгэл зүйн болон хувь хүний хөгжлийн 5 багц сургалтыг Сэтгэл Судлалын Үндэсний Төвтэй хамтран Дэлхийн Зөн ОУБ-ын дэмжлэгтэйгээр цахимаар явуулсан. Нийт сурагчдаа Австрали улсын Канберра хотын Canberra Institute of Technology мэргэжлийн сургуультай холбож, мэдээлэл өгсөн. Мөн тус улсад засал чимэглэлийн мэргэжлээрээ ажиллаж буй иргэн Хүрэлбаатар Мягмардоржтой сурагчдаа уулзуулж, ярилцлага зохион байгууллаа. Эдгээр 7 сургалтын үр дүнд сурагчид маань сэтгэлзүйн боловсрол, сэтгэлзүйгээ удирдах анхан шатны мэдлэгтэй болсноос гадна сэтгэлзүйчид хандах нь хэвийн үзэгдэл юм гэдэг ойлголтыг бүрэн авсан. Мөн тэдний сурч буй мэргэжил дэлхий дахинд тэр дундаа Австрали улсад өндрөөр үнэлэгддэг, маш чухал мэргэжил гэдгийг ойлгож, ирээдүйдээ улам итгэлтэй болсон билээ.
  4. Олон нийтэд чиглэсэн эрчүүдийн талаарх нийгэм дэх хэвшмэл ойлголтыг халах зорилготой нөлөөллийн сошиал хөдөлгөөнийг Courage to Change FB хуудсаараа дамжуулан өрнүүлж, нийт 4 цуврал контентийг бэлтгэж цахим орчинд байршуулсан.

Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн суралцагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх жишиг өрөөг Хаан Банк  Сангийн дэмжлэгтэйгээр засварлан тохижуулж хүлээлгэн өгсөн Австралийн Засгийн Газрын Санаачилгаар Зориг Сангаас Хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр 7” –ийн оролцогч ”Өөрчлөх Зориг” багийн гишүүд  С.Булган, А.Гэрэлмаа, Д.Дарханбаатар, Д.Тунгалагтамир, Б.Туул нартаа сургуулийн захиргаа, сургалтын алба, багш, ажилтан суралцагчдын зүгээс талархал илэрхийлье.