“Хөдөлмөрийн яармаг-2019” арга хэмжээнд сургуулиа сурталчилж оролцлоо.
Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгийн газар, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас 2019 оны 12 сарын 13 өдөр “Хөдөлмөрийн яармаг-2019” арга хэмжээг хамтран зохион байгуулж, орон нутгийн 70 орчим ААНБ, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан оролцлоо. Арга хэмжээний үеэр орон нутгийн иргэдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээг хүргэх, томоохон ААНБ-дын үйл ажиллагааг танилцуулах, нээлттэй ажлын байранд иргэдийг зуучлах, бүртгэх, мэдээллээр хангах зэрэг үйлчилгээ үзүүлсэн ба манай хамт олон сургуулийнхаа үйл ажиллагааг сурталчлан, техникийн боловсрол олгох сургалтын элсэлт авч буй мэргэжлийн танилцуулгыг 150 иргэнд хүргэлээ.
Мөн МБСБ-ын төгсөгчдөд ажлын байртай болоход нь дэмжлэг болох Швейцарын хөгжлийн агентлагийн “Интерншип” ажлын туршлага эзэмшүүлэх туршилтын хөтөлбөр нээлтээ хийж, 20 орчим ААНБ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь яармагийн онцлох үйл явдал байлаа. Хөдөлмөрийн яармагт оролцогчдын ажил үйлсэд амжилт хүсэн манай сургуулийн авьяаслаг суралцагчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.