Багшийн хөгжил
Орчин үед хийгдэж буй технологи, менежментийн шинэчлэлүүд нь мэргэжилтэй ажилтнаас мэргэжлийн өндөр ур чадвар шаардаж, сургалтын байгууллагын сургалтын орчин, материаллаг баазыг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Сургалтын чанарыг сайжруулах, ур чадвартай ажилтан бэлтгэх эх үндэс нь сургалтын байгууллагад ажиллаж буй багш, ажилтан бөгөөд багшийн ур чадвар, ёс суртахуун, мэдлэг чадварын үр дүн нь суралцагсдын сурлагын чанараар илэрхийлэгддэг.
Багшийн хөгжлийг дэмжих зорилгоор “БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ”-ийг байгуулан, тохижуулж 2021 оны 02-р сарын 10-ны өдөр нээсэн. Төвийн үйл ажиллагааг сургалтын алба, сургуулийн захиргаатай нягт уялдаатай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үүний тулд “БАГШИЙН ХӨГЖИЛ 2021-2024” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.
Багшийн хөгжлийн хөтөлбөрийг “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030” болон Монгол Улсын мэргэжлийн боловсролын хөгжлийн урт болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөнүүдийн үзэл санаа, зарчимд тулгуурлан боловсруулсан.
БШУЯ-ны харьяа Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн “Багшийн хөгжил 2021-2024” хөтөлбөрийн зорилго нь хөгжлийн хандлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан, үйлдвэрлэлийн хэрэгцээгээр удирдуулсан, төгсөгчийн мэргэжлийн ур чадвар, ажлын байраар баталгаажсан мэргэжилтэй ажилтан бэлтгэх шинэ тогтолцооны хөтлөгч хүч болж, суралцагч бүрийнхээ сонирхол, эрмэлзэл, авъяас чадварыг танин мэдэж, түүнд нийцүүлэн сургах аргаа сонгодог, мэргэжлийн мэдлэг, чадвар, заах аргазүйгээ тасралтгүй дээшлүүлдэг, өрсөлдөх чадвартай мэргэжилтэй ажилтан сургаж чадахуйц багшийг бэлтгэх, төлөвшүүлэх, хөгжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, багшийг үнэлэх, дэмжих, сайн туршлагыг нь түгээх суурь нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
Дээрх зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Багшийн мэргэшлийг дээшлүүлэх үйл ажиллагааг өргөжүүлж, чанаржуулах, сургахуйн ур чадварыг дээшлүүлэх;
- Хүний нөөц, багшийн мэдээллийн сан, тэргүүн туршлагын мэдээллийн санг бүрдүүлэх замаар хүний нөөцийн удирдлагын үр нөлөөг дээшлүүлэх, сургах зүй, хууль эрх зүй, мэргэжлийн ном хэвлэл, сурах бичиг бүхий номын сан, цахим танхим, стандартад нийцсэн дадлагын бааз зэргийг бий болгож, багш нар мэргэжлийн мэдлэг чадвар, заах аргазүйгээ байнга хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх;
- Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн багшийг хөгжүүлэхтэй холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэх, журам, зааврыг шинэчлэх, багшлах эрх, мэргэжлийн зэрэг, сургалтын чанар, үр дүн болон мэргэжлийн мэдлэг, заах арга, ур чадвараа ахиулсан, бүтээлч санаачилга гаргасан, судалгаа шинжилгээний ажил хийсэн байдалтай нь уялдуулан багшийн цалин, урамшуулал бусад дэмжлэгийг зохицуулах;
- “Багшийн хөгжил” хөтөлбөрийн зорилго, зорилтыг хангах санхүүгийн боломжийг бүрдүүлэх, багшийн нийгмийн асуудлыг дэмжих.